Хэдийгээр "фэйшн гэдэг бол дүрэм журманд баригдахгүй байх" гэдэг үгтэй санал нийлдэг ч хүн бүрт тохирох нийтлэг дүрэм байдаг болов уу. Ингээд хэдэн суурь дүрмээс эхлэе гэж бодлоо.
- Толгойноос хөл хүртэл нэг өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийх. Хар өнгөний хувьд тохируулж чадвал стильтэй харагддаг /хар платьетанд хар туфли л хамгийн сайн зохицдог/ болохоор учир энэ дүрэмд хамаарахгүй байж болно. Бусад өнгөний хувьд хэтэрхий зохицуулах гээд байх хэрэггүй. Суурь нэг өнгө сонгоод тэр өнгөө амилуулсан хурц өнгө бага хэмжээгээр ч болов оруулах хэрэгтэй. Эсвэл суурь өнгө чинь тод бол /жишээ нь улаан/ бүдэг /натурал өнгө/ гэх мэт тод өнгөө уусгаж хүчийг нь сулруулсан өнгө оруулах гэх зэргээр зохицуул. Хувцаслалтандаа анхаарал татахуйц хүчтэй нэг өнгө, байгалын натурал эсвэл завсрын нэг өнгө заавал оруулахыг хичээгээрэй.
- Хувцасаа үргэлж шинэлэг өөрөөр өмсөхийг хичээгээрэй. "Энэ цамц зөвхөн энэ юбкатай зохицоно" гэсэн хайрцагнаасаа гарч янз бүрийн хувцас, аксесуар хослуулж үзээрэй.
- Биеийн аль нэг хэсгийг ил гаргасан бол бусад хэсгээ нуух. Нэг удаадаа биеийнхээ нэг л хэсгийг ил гаргах. Мөр, цээж, хөл гэх мэт. Ил гарсан хэсэг чинь тэр өдрийн гол баатар болж шууд анхаарал татах болохоор өөрийгөө сайхан харагдуулдаг хэсгээ сонговол илүү үр дүнтэй. Мөр бол бие яаж ч өөрчлөгдсөн таргалдаггүй хэсэг болохоор мөрөндөө анхаарал татахуйц загвартай цамц заавал аваарай гэж зөвлөе. Тэгээд нэгээс илүү хэсэг ил гарвал хэтэрхий сервис үзүүлсэн хэрэг болно гэдгийг битгий мартаарай. Телевизийн мэдээний нэвтрүүлэгч илүү нууцлаг, ихэмсэг, "үнэтэй" харагддаг шүү дээ. Яагаад гэвэл бид нууцлаг байх тусмаа сонирхолтой. Гэхдээ биеэ бүхэлд нь нуух ч хэрэггүй. Тереза эх, Paris Hilton 2-н голоор байх.
- Үс сайхан бол зүс сайхан гэж үг бий. Үсчинд тогтмол орох. 2 сард нэг удаа ч гэсэн. Гол нь өөртөө анхаарал тавих. Бүр сүртэй өөрчилдөггүй юм гэхэд үзүүрээс нь бага зэрэг тайраад, шингэлээд байвал өнгө ороод л явчихна. Үс нь харваас сүүлийн нэг жил хайч хүрээгүй байрын өтгөн хуурай, үхмэл байх шиг биднийг унтраадаг зүйл байхгүй. Сайн шампунь, ангижруулагчанд гар татах хэрэггүй шүү.
- Өмд бол зөвхөн натурал өнгөтөй байх. Хар, бор, саарал, бейж, хар хөх, цагаан гэх мэт. Ямар ч хүнд эдгээрээс өөр өнгийн өмд сайхан харагддаггүй. Мөн өмд цулгай байсан нь дээр. Ямар ч сайхан хээ бай, хээтэй өмднөөс аль болох татгалзаарай.
- Харин юбка бол таны дуртай өнгө хээгээ сонгох талбар.
- 25 нас хүрсэн бол цайралттай жинс өмсөхгүй байх. Учир нь цайралт бол зөвхөн сайн брэндийн хийж чаддаг ажил. Бусад нь бол рисктэй. Бөгс, гуя гэх мэт учир битүүлэг газраараа цайралттай жинснээс татгалзах. Буруу цайралт таныг намхан, хямд харагдуулна. Оронд нь эгэл жирийн хар хөх ч юмуу хар, цайралт багатай загвар сонгоорой. Diesel, Miss sixty, Earl jean гэх мэт сайн брэндийн жинснээс сонголтоо хийж байгаарай. Жинсний талаар дэлгэрэнгүйг урьд нь бичсэн байгаа.
- Алт мөнгөн эдлэл холихгүй байх. Аль нэгээр нь дагнах.
- Хоёроос илүү чимэг зүүлт зүүхгүй байх. Ээмэг бөгж зүүлт бугуйвч гээд бүгдийг нь зүүж чаддаг ганц л хүн байгаа. Тэр бол Jennifer Lopez.
- Цамцны хувьд богиноос уртавтар нь дээр.
- Fit сайтай хувцас авах. Эсвэл өөртөө тохируулж хасуулж, янзлуулах. Биед яг таарсан хувцас л хамгийн сайхан харагддаг.
- Зарим хувцас зөвхөн Supermodel-уудад л зориулсан байдаг. Тиймээс өөрийгөө Супер модел биш бол биш гэдгээ хүлээн зөвшөөрч сурах. Өөрийнхөө биеийн хэлбэрийг сайтар мэдэж, тэрэндээ тохируулж хувцаслах гэсэн үг.
- Гутал сайт гурвын урд. Ямар ч эгэл жирийн хувцасыг сайхан гутал бол ургуулаад л өгнө.
Аль болох удаан эдэлгээтэй, жинхэнэ ширэн, бразил юмуу италид үйлдвэрлэсэн гутал авахыг хичээгээрэй. Илгэн материал ч бас зүгээр.
- Гол хувцаснуудаа авахдаа хамгийн сайн, чанартайг нь авахыг хичээгээрэй. Ажлын өмд, гурвалжин захтай хар цамц гэх мэт. Бидэнд заавал байх хэдэн гол хувцас болон материалын тухай дараа дэлгэрэнгүй ярих болно.
- Ямар ч өмсөх юм олдохгүй үед платье таныг аврах болно. Олон юм тохируулах гэж зовохгүй. Өдөр тутам өмсөхүйц бейж шаргал гэх мэт натурал өнгийн платье олон үед аминд орно шүү.
- Зөв дотуур хувцас сонгох. Дотуур хувцаснаас таны ямар харагдах маш их хамаарна. Push up буюу хөхөө өргөж өгсөн, Pad "хатуулга" тай Bra хамгийн сайн сонголт. Bra-ны ар талыг хамгийн дотор тал буюу сулаас нь эхэлж товчилж байгаарай. Тэгвэл сунасан үед чангаруулсаар илүү удаан өмсөнө.
- Хувцасны хээний хувьд ихэвчлэн жижиг, шигүү нь дээр байдаг. Ялангуяа жижиг биетэй хүнд.
- Хувцас авахдаа заавал өмсөж үзэх. Гар хөлөө хөдөлгөж, сууж үзэх.
- Материал хослуулах. Хамба хилэнг силктэй ч юмуу. Цэмбийг силктэй гэх мэт.
- Өөртөө зохисон өнгийг мэдэх.
- Олон чанаргүй юмнаас цөөн чанартай нь дээр.
- Очих газар, зорилгодоо тохируулж хувцаслах.
Таны гадаад төрх / хувцаслалт таны хэн болох, хаана юу хийдэг, юунд дуртайгаас эхлээд зан чанарын чинь тухай хүртэл хүмүүст бидний санаснаас их мэдээлэл өгч байдгийг битгий мартаарай.