The one.

Model: Tao

10-р анги төгссөн хавраа анхны уруулын будгаа авч билээ. "TLC " хамтлагаас эхлээд солонгос сериал гээд тухайн үеийн моод байсан хүрэн бейж өнгө. 17 нас. Удалгүй оюутан болоод болзоонд явдаг боллоо. Диор төв нээгдээд удаагүй байв, тухайн үедээ л шинэхэн оюутанд ахадсан их үнээр анхны брэнд бараагаа авлаа. Монгол телевиз-д кино орчуулсан шагналын цалингаа ганцхан уруулын будагнаас өгчих нь энэ. Усан ягаан өнгө.

Хорь гараад том бүсгүй болсноо тэмдэглэх гэж гурав дахь уруулын будгаа авлаа. Час улаан өнгө. Шууд гадуур түрхэж зүрхэлсэнгүй, хааяа гэртээ ганцаараа туршиж бие халаалт хийж эхлэв. Ингээд хэсэг давтсаны дараа ойрхон хүнсний дэлгүүр хүрэх замд улаан будгаа дебют хийлгэв. Хүн бүр хараад байх шиг санагдаж хацар халуу оргиж байсан ч, гэнэт л нэг их ганган, жинхэнэ том бүсгүй болчихсон юм шиг санагдаж, санаа дагаад ч тэрүү алхаа гишгээ ч өөр болчих шиг боллоо. Ингээд аажмаар хааяахан түрхсээр сүүлдээ улаан уруулын будаг + торгон алчуургүй явахаа больж, нэг мэдсэн бүдэг, тод гээд арваад төрлийн улаан өнгө цуглуулчихаж. Өөрийгөө тодорхойлох, дуртай зүйлээ олно гэдэг удаан процесс боловч, нэгэнт юу зохидгоо мэддэг болчихвол, шинэ моод бүрт толгой эргэхээ болино.Эргээд харахад өөрийн ажил хийж олсон мөнгөө зарж алдсан алдаанаасаа сурсан зүйлс маань ямар ч мундаг сэтгүүлийн зөвөлгөөнөөс илүү үлджээ. Даавууны чанар, биед таарах байдал гээд л...Биед эвтэй, өөрт тохиромжтой атлаа, таныг хамгийн сайхан харагдуулах стилийг олох амаргүй ч, нэгэнт олчихвол ядаж л өглөөний хувцаслах цагаас хэмнэнэ.


Улаан будаг, савхин куртка, рок стилд автахад нөлөөлсөн хүний нэг бол яах аргагүй "Yeah Yeah Yeahs"-н Karen O.