What is style?



Xувцас гэдэг энгэрийн ухлаадас, ерөнхий хэлбэр, өнгөний зохицлоос авахуулаад жил бүр ялимгүй өөрчлөгдсөөр байдаг. 4-5 жилийн өмнөх хувцасыг харахад л моод гэгч ямар хурдан хувьсан өөрчлөгдсөн нь мэдэгддэг. 4,5 ч гэлтгүй 2,3 жилийн өмнөх хэлбэр л одоо харахад хоцрогдсон санагддаг. Стилтэй гэгддэг бүсгүйчүүд өөрт зохисон, классик харагддаг ч хуучин биш, хэтэрхий моодны ч биш, цаг үетэйгээ зохицсон, олон жилийн дараа эргээд харсан ч ойлгогдохоор, амархан юм шиг атлаа хэцүү балансийг тохируулсан байдаг.


Ер нь сайхан хувцаслалтийн нууц бол шинэ ч биш хуучин ч биш, яг зөв атлаа өөрийнхөөрөө харагдах.
Олон хүн классик, хуучин хоёрыг нэг ойлголт гэж андуурдаг. Жишээ нь цагаан цамц, хар өмд бол хоюулаа классик хувцас. Гэхдээ одоогийн цагаан цамц, хар өмдийг үе үеийн (80,90,2000-аад оны гэх мэт) цагаан цамц, хар өмдтэй харьцуулахад хэлбэр, биед таарах байдал, ханцуй, захны пропорц гээд бүх элемэнт нь асар их өөрчлөгдсөн. Сүүлийн үед скинни буюу нарийн шуумагтай өмд моод гэхээсээ илүү классик болон хувирсан. Тэгэхээр классик хар өмд өмсөж байна гээд нөгөө л хэдэн он нь мэдэгдэхээ больсон хэлбэрээсээ салахгүй явж болохгүй нь. классик ч он цагаа дагаад хувирч өөрчлөгддөг. Тиймээс классикаа ч шинэчэлж байж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана.


Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэдэг ньхөлөөс толгой хүртэл сэтгүүлээс гарч ирсэн шиг бүх моодыг зэрэг өмсөнө гэсэн үг биш. Зүгээр л таны хувцаслалтын аль нэг хэсэг, эсвэл ерөнхий хэлбэр нь шинэлэг харагдаж байх ёстой. Ямарваа нэгэн хэмжээгээр таныг ямар ч байсан орчин үеийн моодыг сонирхдог, мэддэг, цаг үедээ тохируулж хувьсан өөрчлөгдөхөөс айдаггүй гэдгийг л илтгэж байхад л хангалттай.
Мэдээж энэ мэдээллүүд дээр үндэслээд, өөрийн зан характер, тэр өдрийн мэдрэмжиндээ тохируулаад моодны, болон үндсэн элемэнтээ хэр хэмжээгээр хасаж нэмж найруулах нь таны хэрэг. Тэгээд ч энэ бол хамгийн сонирхолтой, хөгжилтөй хэсэг нь.

Ийм биед яаж хувцаслах вэ? гэдэг асуулт их ирдэг ч ерөнхий чиглүүлэлт байхаас биш хүн бүрт тохирсон хариу ховор. Эмэгтэйчүүд бид бүгд л өөрийн аль нэг хэсгээ яаж ийж байгаад өөлчихдөг "хосгүй" авьястай хүмүүс. Тиймээс та ямар хувцастай хамгийн сайхан, сэтгэл өөдрөг байх вэ гэдгийг, тэр мэдрэмжийг танаас өөр хэн ч бүрэн мэдэх боломжгүй. Өөрийгөө болон өөрийн стилээ бүрэн дүүрэн мэдэхийн тулд та бүх төрлийн стилийг дор хаяж нэг удаа турших шаардлагатай. Хэзээ ч зохихгүй гэж бодсон стилээ ч бас. Тэгээд ямар стил ямар сэтгэгдэл төрүүлж байгааг сайн ажиглаарай. Заримдаа та рок, консерватив гээд аль алинд нь татагдаад байгаа мөртлөө бүхлээр нь өмсөж чадахгүй гэж халгадаг байх. Тэр нь ч зөв. Зүгээр л аль алийиг нь суурь хувцаслалтдаа бага хэмжээгээр оруулахад хангалттай. Таны консерватив тал ч, рок тал ч бага зэрэг харагдаад сонирхолтой. Ихэнх стилтэй гэгддэг бүсгүйчүүд ингэж өөр өөр стилийн хувцас донжийг нь олж тохируулахдаа гарамгай байдаг. Жишээ нь оффис стилийн костюм пиджакний дотуур сорочкон цамц биш, шиффон торгон гоёлындуу эмэгтэйлэг цамц өмсөөд тоногтой бага зэрэг рок стилийн цүнх хослуулад ч юмуу.

Санаанд оромгүй, хоорондоо зохицомгүй зүйлсийг хольж сольж тохируулж өмсөж үзэж байгаарай. Гэнэт л нээрэн энэ 2-г ингэж өмсөж болох юм байна, яагаад өмнө нь сэтгэсэнгүй вэ гэж бодох байх. Фэйшнд хамгийн гол нь сэтгэл хангалуун байх. Тиймээс өөрийгөө болон стилээ олох процесс гэдэг хөгжилтөй байх ёстой. Эцэст нь хэлэхэд өөрт таалагддаг, өмсөх бүр баяр баясгалан авчирдаг хувцасаа сайн бодоод үзээрэй. Бүр орон дээрээ ил гаргаад ялгаад тавьсан ч болно. Тэгээд хоорондын ижил төстэй талуудыг нь ажиглаад үзээрэй. Захны хэлбэр, ерөнхий урт гээд яг ямар элемэнт нь таалагдаж буйг ажиглавал, өөрийн ямар хувцасанд яагаад дуртай байдгаа мэднэ. Ийм хувцаснууд тань таны үндсэн суурь хувцас болох болно. Тэгээд ийм л хэлбэрийн цамцанд үнэхээр дуртай юм байна гэдгээ мэдсэн хойно юбка-р шинэ моодыг туршиж, оруулж болно. Хэдхэн хувцасаар олон төрлийн комбинац үүсгэж үзээрэй. Лав л нэг шинэ санаа төрөх байх. Харин маргааш өглөө нь халгаж шкафандаа буцааж хийлгүй өмсөөд туршиж үзээрэй. Хүмүүс ямар харагдаж буйг чинь хэлээд өгнө. Болохгүй бол тайлж л орхино биз. Хувцас л болсон хойно үргэлж өөр сонголт байх болно.